Friday, January 26, 2024

Хүндэт гидротехникч /Honorary hydraulicians/

Хүндэт гидротехникч

Honorary hydraulicians

Монгол улсад усны дээд боловсролтой инженер бэлтгэсний түүхт 60 жилийн ой 2023 онд болж өнгөрсөн билээ. 1963 оноос өмнө усны дээд боловсролтой инженерүүдийг (үүнд: гидротехникч буюу усны барилга байгууламжийн инженер, гидрологич буюу ус судлаач, гидрогеологич буюу газрын доорх усны мэргэжилтэн, усны химич, ус хангамж ариутгах татуургын инженерүүд, геофизикч г.м) хуучнаар Зөвлөлт холбоот улс, Европын зарим орнуудад бэлддэг байсан бөгөөд 1961 оны сайд нарын зөвлөлийн тогтоолоор Монгол улсын их сургуулийн Инженерийн факултетэд 1963 оноос усны дээд боловсролтой инженер гидротехникчдийг бэлдэж эхэлсэн түүхтэй. 

1963 оноос хойш Монгол улс дотооддоо 1000 гаруй, гадаадад 300 гаруй усны барилга байгууламжийн инженер буюу инженер-гидротехникчдийг бэлдсэн байна. 2023 онд Усны барилгын инженер-60 жилийн ойг зохион байгуулах ажлын хэсэг олон арван ажил төлөвлөж амжилттай зохион байгуулсан бөгөөд ойн хүрээнд үе үеийн инженерүүд дундаас салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж хүндэт гидротехникч хэмээх өргөмжлөлийг бий болгосон юм. 

Wednesday, August 23, 2023

Зам талбайн борооны ус зайлуулах системийн шийдэл ба төлөвлөлт /Plan and design of the Urban storm water drainage system/

Зам талбайн борооны ус зайлуулах системийн шийдэл ба төлөвлөлт

Б.Аюурзана – ШУТИС, Барилга, Архитектурын сургуулийн ахлах багш, инженерийн ухааны доктор PhD

Г.Батзориг – Гидродизайн Инноваци ХХК-ийн ерөнхий захирал, Монгол улсын мэргэшсэн инженер

Удиртгал

Энэхүү нийтлэл нь Барилга МН сэтгүүлийн 2021 оны 07 сар №134 дугаарын 43-50-р хуудсанд хэвлэгдсэн “Зам, талбайн борооны ус зайлуулах шийдэл, төлөвлөлтийн асуудлууд” гэсэн нийтлэлийн үргэлжлэл юм. Энэхүү нийтлэл нь зам, талбайн борооны ус зайлуулах техникийн шийдлүүд, тэдгээрийн инженерийн төлөвлөлт, тооцооны асуудлуудыг агуулна.

Зам, талбайн борооны ус зайлуулах зарчим

Ус зайлуулах системийн (үүнд үерийн ус, дээврийн ус, зам, талбайн ус зайлуулах асуудлууд багтана) төлөвлөлтийн үндсэн гурван практик зарчим бий. Үүнд:

  • Тухайн талбай ямарч борооны үед усанд автдаггүй байх;
  • Тухайн талбайгаас зайлуулах ус нь хөрш зэргэлдээ талбайг усанд автуулдаггүй байх;
  • Тухайн талбайн усыг найдвартай, аюулгүй зайлуулдаг байх гэсэн зарчмууд бий.

Энэ гурван зарчмыг зам, талбай төлөвлөхдөө сайтар анхаарах хэрэгтэй. Эхний зарчим нь тухайн талбайн зэрэглэл, өмчийн төрөл, аюулгүй байдал гэх мэт олон хүчин зүйлээс хамаарч тооцоот хангамжтай хур тунадас сонгох, түүнээс бий болох усны хэмжээг тооцоолох үндэслэлийг бий болгоно.

Харин хоёрдугаар зарчим нь аюулгүй зайлуулах, системийн нэгдсэн байх үндэслэл болдог бол сүүлийн зарчим нь зам, талбайн борооны ус зайлуулах системийн техникийн тохирсон шийдлийг гаргах нөхцөлийг бий болгоно. Зам талбайн борооны ус зайлуулах систем нь зөвхөн тухайн зам, талбайн усыг зайлуулах биш ойролцоо барилгуудын дээврээс, ногоон байгууламжаас, явган зам талбайгаас ирэх усыг зайлуулах нөхцөлтэй байх бөгөөд усыг байгальд (гол, жалга, цөөрөм, үерийн суваг г.м эзэмшил, суурьшлын бус) нийлүүлэх гаргалгаа буюу төгсгөлтэй байх хэрэгтэй. Олон улсын практикт хот, суурин газраас зайлуулах усны чанар муу, бохидолтой байх учир байгаль орчинд сөрөг нөлөөгүй чанарын болон тоо хэмжээний стандартын дагуу цэвэрлэж байгальд нийлүүлдэг. Манайд “MNS 4943 : 2015 Хүрээлэн байгаа орчин. Усны чанар. Хаягдал ус. Ерөнхий шаардлага”-ын дагуу нийлүүлэхээр төлөвлөвөл хараахан биелэдэггүй сүүлчийн зарчим хангагдаж олон улсын жишигт хүрэх нь тэр.



Tuesday, August 22, 2023

Зам, талбай бол усны барилга байгууламж биш /Roads are not storm drainage system/

Зам, талбайн борооны ус зайлуулах шийдэл, төлөвлөлтийн асуудлууд

Б.Аюурзана – ШУТИС, Барилга, Архитектурын сургуулийн ахлах багш, инженерийн ухааны доктор PhD

Г.Батзориг – Гидродизайн Инноваци ХХК-ийн ерөнхий захирал, Монгол улсын мэргэшсэн инженер

Уг нийтлэл нь Барилга.мн сэтгүүлийн 135 дахь дугаарт анх хэвлэгдсэн болно.

Хотын ус судлал (Urban hydrology)

Байгаль дээрх усны эргэлтийн үйл явцыг чухамдаа ус зүйн салбар шинжлэх ухаанаар судалдаг. Усны эргэлтийн үйл явцад хур тунадас орох, орсон хур тунадас уурших, хөрсөнд шингэх, ургамалд ашиглагдах, гадаргуугийн шууд урсац болж урсан өнгөрөх зэрэг үйл явцууд хамаарагдана. Хот байгуулж, суурьшлын бүс бий болгож эхэлснээр байгаль дээрх усны эргэлтийн үйл явц эрс өөрчлөгддөг. 1960 – аад оны үеэс хот суурин газрын усны эргэлтийн талаар шинжлэх ухааны ул суурьтай судалгаа эхэлж хотын ус судлалын талаарх мэдлэг, туршлагууд системтэйгээр хуримтлагдаж эхэлжээ. Эдгээр мэдлэг туршлагад үндэслэн зам талбайн борооны усыг байгаль орчинд нөлөөгүй байхаар зайлуулах ажлуудыг хийж гүйцэтгэж байна.

Ус судлалын хувьд гадаргууг ус шингээх байдлаар нь ус шингээх (pervious) болон ус үл шингээх (impervious) гадаргуу гэж авч үзнэ. Ус шингээх гадаргууд ургамалан бүрхэвчтэй болон бүрхэвчгүй хөрс, тагтаршаагүй хөрс, зарим сийрэг материалууд орох бол ус үл нэвтрүүлэх гадаргууд хад, цардмал зам талбай, барилгын дээвэр зэрэг орно. Хот суурин байгуулаад ирэхэд ус шингээх болон ус үл шингээх гадаргуунуудын харьцаа өөрчлөгдөж орсон хур тунадасны ус хуваарилагдах үйл явц эрс өөрчлөгддөг байна. Өмнө хийгдсэн судалгааны үр дүнд үндэслэн орсон хур тунадасны хуваарилагдах зүй тогтлыг ус үл нэвтрүүлэх талбайн хувиас хэрхэн хамаарахыг гаргасан байна (Зураг 1).

Зураг 1. Байгалийн болон хот, суурин газрын ус зүйн онцлогууд (Эх сурвалж: US EPA)

Tuesday, November 15, 2022

Усны барилга байгууламжийн инженерүүдийн зөвлөлдөх уулзалт 2022

Усны барилга байгууламжийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдах ажилтны зөвлөлдөх уулзалт

Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын ивээл дор, ШУТИС, Барилга, Архитектурын сургууль болон усны мэргэжлийн холбоод Цэнхэр алт, ногоон хэрэм усны үндэсний ассоциаци, Монголын ус хүрээлэх орчны инженерчлэл судалгааны холбоо, Монголын усжуулагчдын холбоо хамтран усны барилга байгууламжийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн санал солилцохоор зөвлөлдөх уулзалтыг 2022 оны 11 сарын 4-ны өдөр ШУТИС -ийн 8-р байрны 12 давхарын олон улсын хурлын танхимд хийв. 

Зөвлөлдөх уулзалтын хамтын зураг

Tuesday, October 12, 2021

Судлагдсан байдлын тоймд зориулан эрдэм шинжилгээний өгүүлэл унших туршлага /Tips for paper reading for literature review/

Өгүүлэл унших туршлага

Эрдэм шинжилгээ, судалгааны ажил нь давтагдаагүй шинэ мэдлэг, туршлага, арга, аргачлал, үр дүн, дүгнэлтийг бий болгох зорилготой байдаг. Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын төгсгөлд уг ажлаас гарсан үр дүнг эрдэм шинжилгээний өгүүлэл эсвэл тайлан хэлбэрээр хэвлэн уншигчдад хүргэдэг. Эрдэм шинжилгээний өгүүлэл эсвэл тайлан нь нэг судалгааны төгсгөл бас өөр нэг судалгааны эхлэл болдог. 

Мөн давтагдаагүй судалгаа хийхийн тулд тухайн сэдвээр өмнө судлагдсан бүх зүйлсийг олж мэдэж яг аль хэсэг эсвэл ямар зүйл орхигдсон бэ гэдгийг олж тодорхойлох шаардлагатай. Иймд судлагдсан байдлын тойм буюу Literature Review гэдэг ажил хийгддэг бөгөөд энэ ажлын үндсэн зорилгууд нь

  • Мэдлэгийн цоорхойг тодорхойлох
  • бий болсон мэдлэг, үр дүнгүүдийг цаг хугацааны болон учир шалтгааны логик дараалалд оруулах 
явдалууд юм. 
Судлагдсан байдлын тойм хийхийн тулд өмнө хэвлэгдсэн хамаарал бүхий маш их өгүүлэл, тайлангуудыг унших хэрэгтэй болно. Харин хаанаас яаж эхлэх вэ? аль аль өгүүллийг унших вэ? Бүх өгүүллийг унших ёстой юу? Хэзээ энэ бүх уншлагуудаа дуусгавар болгох вэ? Ямар мэдээлэл хайх вэ? Яаж судлагдсан байдлын тойм бичих вэ? гэх мэт түмэн асуудал бий. Зарим хүмүүс хялбараар хүлээж авдаг байж магадгүй. Гэхдээ өмнө судлагдсан зүйлсийг орхиж эсвэл үл тоон /санаатайгаар эсвэл уншаагүй бол санамсаргүй/ судалгаа хийвэл судалгааг давтсан болж таны цаг хугацаа, тухайн салбарт нэр хүнд унах магадлалтай. Яагаад гэвэл судалгааг давтах (гэдэг нь арга аргачлал болон гарсан үр дүн яг адил байх тухай ярьж байгаа шүү) нь судлаачийн ёс зүйд хориглосон зүйлүүдийн нэг юм. Ингээд өгүүлэл унших талаар өөрийн туршлагаа хуваалцая. 
Эх сурвалж: https://libguides.reading.ac.uk/food-research-project/literature-review